“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД БНСУ-ЫН ГРИЙН ХОСПИТАЛТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2023-02-15 15:12:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга, Хатагтай Ким Ён Жү манай улсад 2023 оны хоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд төрийн дээд айчлал хийлээ. Тус айлчлалаар Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд зорилтот бүлгийн бага насны хүүхдүүдэд хүргэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх чиглэлд хамтарсан төслийг хэрэгжүүлэхээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр болон БНСУ-ын Грийн хоспитал эмнэлгийн захирал, Ноён Им Сан Хюк нар 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр санамж бичигт гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд 2023 оны зургаадугаар сард БНСУ-аас эмч, сувилагчдын 20 хүнтэй баг, бүрэлдэхүүн манай улсад ирж хүүхдийн хүнс, хоол тэжээл, эрүүл мэндийн боловсрол, амны хөндийн эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлээр Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд төслийн эхний шатны ажлуудаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар Грийн эмнэлгийн захирал, Ноён Им Сан Хюк уулзалтын үеэр хэллээ. Мөн тэрээр “Эрүүл Монгол хүн” төсөл, хөтөлбөрийн албанаас тавьсан саналын дагуу БНСУ дахь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр баригдсан шинэхэн эмнэлэгтээ Монгол улсаас 3 эмчийг дотор эрхтэн, үе мөч, тархины гэсэн гурван чиглэлээр мэргэшүүлэх сургалтад байр, хоолны зардлыг нь даан суралцуулахаар болсон мэдээг мөн дуулгав.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Хатагтай С.Төгсдэлгэр “Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд бага насны хүүхдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх зорилтот төсөл хэрэгжүүлэхээр дэмжин ажиллах болсон явдалд БНСУ-ын Грийн эмнэлэг болон Хана банкын хамт олон та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье. Бид энэ төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүхий л явцад шаардлагатай зүйлсээр туслан дэмжиж, хамтран ажиллах болно” хэмээв. 

Санамж бичиг зурах ёслолын үйл ажиллагаанд Монгол талаас Монгол улсын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Эрүүл Монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, доктор О.Чимэдсүрэн нар оролцсон бол БНСУ-ын талаас “Green”  эмнэлгийн захирал Им Сан Хюк, RHP компанийн ерөнхий захирал Мёг Жү Сан,  Green Hospital эмнэлгийн халдвар, хяналтын тасгийн эрхлэг Чой Юү Сон нар оролцлоо.