“Ирээдүйгээ бүү сор” тамхидалтын эсрэг нөлөөллийн аяныг зохион байгуулагдав
"Анх 2005 онд тамхины хяналтын тухай хууль батлагдсанаас хойш таван удаа шинэчилсэн найруулга, хоёр удаа өөрчлөлт, нэг удаа нэмэлт өөрчлөлт орсон.
Монголд хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тамхи татаж байна.Нийт хүн амын 1/4 нь тамхи татдаг судалгаа бий. Тэр дундаа электрон тамхины хэрэглээ өссөнтэй холбоотой өсвөр насныхан, эмэгтэйчүүд эрс нэмэгдэж байна.
Электрон тамхинд онцгой албан татварын заалт хомс байна. Тиймээс хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж тамхины хэрэглээг багасгана. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д Ажлын хэсэг гарсан. Гэвч энэ хуульд гар хүрэхгүй байх сонирхол зарим хүнд бий. Тиймээс хуулийг батлуулах явц удааширч байна" гэж ярилаа.
НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан "Тамхины ургамал бол өөрөөсөө шавжийг зайлуулах зорилгоор никотин гэдэг бодис ялгаруулдаг. Никотин нь хавдар үүсгэдэг бодис гэдгийг 1920 онд баталсан.
Манайд хавдар төст эмгэгийн судалгаа хийдэг байгууллага. Хорт хавдар, зүрхний өвчлөл, амьсгалын замын өвчин, чихрийн шижингийн гол шалтгаан нь архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт болон хөдөлгөөний дутагдал зэрэг байдаг.
Гэтэл тамхины хэрэглээ огт буурахгүй байна. Тухайлбал 15-69 насны хүн амын дунд хийсэн судалгаагаар 24.2 хувь буюу таван хүний нэг нь тамхи татдаг. Үүнээс эрчүүд нь хоёр хүний нэг нь тамхи хэрэглэдэг. Эрчүүдийн дунд тамхины хэрэглээ эсрэг хүйсийнхэнтэй харьцуулахад 8.7 дахин их байна. Тамхинд орж байгаа иргэдийн нас улам залуужиж байгаа нь судалгаагаар харагддаг. 13-17 насны сурагчдын дунд хийсэн судалгаагаар 19 хүүхэд тутмын нэг нь тамхи татдаг. Мөн 10 хүн тутмын гурав нь дам тамхидалтад өртдөг. Эмэгтэйчүүд нь гэртээ, эрчүүд нь ажлын байран дээрээ өртөж байна.Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС) дээр эрүүл мэндийн зан үйлийн судалгааг өнгөрсөн онд хийсэн. Уг судалгаагаар 13-17 насны суралцагчдын 24.8 хувь буюу дөрвөн хүүхдийн нэг нь сүүлийн нэг сард электрон тамхи хэрэглэсэн. Цаашлаад 19 сурагчдын нэг нь байнга тамхи татдаг болох нь тогтоогдсон.
Тамхины хэрэглээ хүн амын дунд буурахгүй байгаа нь уг бүтээгдэхүүнийг оруулж ирдэг компаниудтай холбоотой. Шинжлэх ухаанаар аливаа өвчний эрсдэлийг шууд тамхинд өгч болдоггүй. Энэ байдлыг бизнес эрхлэгчид овжин ашиглаж иргэдэд буруу, ташаа ойлголт өгдөг. Тиймээс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас тандах, сурталчлах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ татварын бодлогоор тамхидалтыг бууруулах зөвлөгөөг өгдөг юм.
Тамхинд сайн юм огт байхгүй. Тамхины төрөл нь олширч утаат, усан, электрон гэх мэтээр өөр хэлбэрээр төрөлжүүлж байна. Өнгө, үнэр, амтыг нь өөрчлөөд залуучуудыг уруу татаж байна. Уг нь электрон тамхи нь утаат тамхинаас гаргах зорилгоор анх үйлдвэрлэгдэж байсан боловч энэ чиглэлээ өөрчилж, тамхинд орох зам нь болж хувирсан" гэж онцоллоо. Иймээс тамхины хэрэглээг бууруулахаас гадна түүний хорт нөлөөг нийгэмд ойлгуулах зорилготой нөлөөллийн арга хэмжээг “Ирээдүйгээ бүү сор“ аяны хүрээнд зохион байгуулав