Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, зөөлөн ур чадвар эзэмшүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдав

2025-01-28 15:39:00

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 онд нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор хоёр чухал арга хэмжээ тусгагдсан. Түүний нэг нь Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах бөгөөд, үүний хүрээнд 150 эмч, мэргэжилтэнд зөөлөн ур чадвар эзэмшүүлэх сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Зэлэм Тархи НУТББ-тай хамтран зохион байгуулж нээлтийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Монгол улсын хэмжээнд 2023 оны байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй төрөлжсөн мэргэшлийн 14 эмнэлэг, тусгай мэргэжлийн 3 төв, бүсийн оношилгоо эмчилгээний 5 төв, аймгийн нэгдсэн 16 эмнэлэг, дүүргийн нэгдсэн 4 эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн 10 төв, сумын нэгдсэн 6 эмнэлэг, сумын эрүүл мэндийн 307 төв, өрхийн эрүүл мэндийн 224 төв, ортой хувийн эмнэлэг 216, хувийн клиник 1466 байгууллага, нийт 15000 гаруй эмч ажиллаж байна.

Тус сургалтад төрийн болон хувийн хэвшлийн нийт 150 гаруй эмч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хамрагдан, зөөлөн ур чадвар, хүний нөөцийн менежмент, харилцаа холбоо болон бусад чухал ур чадваруудыг эзэмшсэн нь эрүүл мэндийн салбарыг цаашдын өсөлт хөгжил өндөр үр дүн гаргахад чухал хувь нэмэр оруулах болно.