"ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОНГОЛ-СОЛОНГОС УЛСЫН ХАМТАРСАН ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

2023-02-13 13:50:00

“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол – Солонгос хоёр улсын хамтарсан хүүхдийн эрүүл мэндийн төсөл хэрэгжинэ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга, хатагтай Ким Ён Жү-ийн манай улсад айлчилсан төрийн дээд хэмжээний айлчлалын хүрээнд БНСУ-аас ирсэн зочид, төлөөлөгчид 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр төсөл хэрэгжих Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн 12-р хорооны “Шэжиддүг” өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Зургаадугаар сард эхлүүлэх төслийн эхний шатыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан, эмнэлгүүдэд шаардлагатай зүйлсийн тандалт, судалгаа хийж, эмч, ажилчидтай уулзаж ярилцлаа.

Грийн хоспиталын хяналтын тасгийн эрхлэгч, Хатагтай Чой Юу Сон “Бид зургадугаар сард 20 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтний баг, бүрэлдэхүүнтэй сонгогдсон эмнэлгүүдэд түр кэмп байгуулан ажиллахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд  зорилтот бүлгийн бага насны 4000 хүүхдийг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар тооцоолсон. Өнгөрсөн намар ирэхдээ хийсэн судалгааны дүнд үндэслэн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд хоол, шим тэжээлийн дутагдал, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, амьсгалын замын өвчин, эмгэг зүрхны судасны гажигийг эрт илрүүлэх үзлэг, оношилгоо болон эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр ажиллаж, шаардлагатай хүүхдүүдэд амин дэм болон эмчилгээ, цаашлаад мэс засал хийхээр төлөвлөсөн” хэмээв. 


Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Олонбаяр “Сонгинохайрхан дүүрэг нь нийслэлийн хэмжээнд хүн ам ихтэй хоёр дахь том үүрэг бөгөөд манай дүүргийн 73 хувь нь гэр хороололд амьдардаг, хүн амын 26,3 хувь нь ядуу, нэн ядуу. Хүүхдийн тасаг дахь тоо баримтыг авч үзвэл нийт өвчлөлийн 30 хувийг дан хүүхдийн өвчлөл эзлэж байгаа нь үнэхээр өндөр үзүүлэлт юм. Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж буй хүүхдүүдийн 70 хувь нь, амбулаторийн хүүхдийн кабинетаар үйлчлүүлж буй хүүхдүүдийн 81 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлтэй байгаа юм. Энэ нь зөвхөн хүйтний улиралд бус жилийн 4 улиралд, жил дамнан үүсч байна. Бид өндөр хөгжилтэй орнуудын хүүхдийн тусламж үйлчилгээнд нэвтэрсэн шинэ техник, технологи, инновацийг судлан туршлага солилцож, өөрийн эмнэлэгтэй нутагшуулах хүсэлтэй байна” гэв. 

Чингэлтэй дүүргийн 12-р хорооны “Шэжиддүг” өрхийн эрүүл мэндийн төвийн Ц.Цэрэндолгор “Манай хорооны хувьд 0-5 насны 2000 орчим хүүхэд байдаг ба жин багатай, цус багадалтай хүүхдүүд их бий. Мөн хүүхүүдийн дундах амны хөндийн эрүүл ахуй, шүдний өвчлөлийг тогтмол ирлүүлэг, үзлэгээр хянаж байгаа хэдий ч эмчилгээ тал дээр иргэд бүрэн хамрагдаж чадахгүй байгаад байна. Энэ дундаа 0-2 насныхны дунд шүдний өвчлөл, цоорол 80 хувьтай байгаа нь үнэхээр асуудал юм. Энэ чиглэлд БНСУ-ын эмч нарын баг ирж бидний ажилд дэмжлэг үзүүлэх гэж байгаа явдалд талархаж байна. Бидний зүгээс БНСУ-ын баг байрлаж ажиллах орчин нөхцлөөр хангаж, хамтарч ажиллах бүрэн боломжтой” гэлээ.

 Төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол – Солонгос хоёр улсын хамтарсан төслийн баг ирэх зургадугаар сар болтол цахимаар болон биетээр үе, шат дараатай уулзалтуудыг товлож, бэлтгэл хангаж ажиллахаар болов.