ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗУРГААН НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЗҮРХНИЙ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛНА

2023-03-17 09:54:00

 “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд зургаан настай хүүхдүүдийг зүрхний эмгэг илрүүлэгт хамруулах ажил өрнөж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран тус дүүргийн зургаан настай хүүхдүүдийг зүрхний эмгэг илрүүлэгт хамруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Төрийн өмчийн Ерөнхий боловсролын 23 сургуулийн 4777 зургаан настай хүүхдүүдийг зүрхний эмгэгийн илрүүлэгт хамруулахаар  52 болон 75 дугаар сургуулиудаас тус үйл ажиллагааг 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлүүлэв. Зургаан настнуудын бие, бялдрын үнэлгээ болон зүрхний эмгэгийн илрүүлгийг өртөөчилсөн байдлаар зохион байгуулах ба эцэг, эх асран хамгаалагчидтай уулзаж, үйл ажиллагааны талаар танилцуулж, санал солилцлоо.

Зүрхний эмгэгийг илрүүлэх үйл ажиллагааг нь 2022 онд Увс, Архангай аймгуудад хэрэгжүүлж, 2800 орчим зургаан настай хүүхдүүдийг үзлэгт хамруулсан. Үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс 170 хүүхдэд зүрхний цахилгаан бичлэгээр өөрчлөлт илэрч, үүнээс 12 хүүхэд зүрхний мэс засал хийх шаардлагатай нь оношлогдсон байна. Эдгээр хүүхдүүд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт тусламж үйлчилгээгээ авч, бүрэн эдгэрчээ. Уг илрүүлгийг Япон улсад мөрдөж буй зааврыг удирдамж болгон зүрхний эмгэгийн илрүүлгийг хийж байгаа бөгөөд Япон улсад 2012 онд хийгдсэн зүрхний илрүүлгийн судалгаагаар нийт хүүхдийн 3.3%-д зүрхний эмгэг илэрч, 0.99%-д эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай байв. Харин манай улсын хувьд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг зүрх судасны өвчлөл, нас баралтыг бууруулахад сургуульд суурилсан эрүүл мэндийн илрүүлгийг бага ангиас эхлэн зохион байгуулж, хүн амыг эрүүлжүүлэх үйл ажиллагааг эхлүүлэх нь зайлшгүй шаардлагатай байгаа талаар “Эрүүл Зүрх” үйл ажиллагааг зохион байгуулж буй хүүхдийн эмч, судлаач С.Энхцолмон хэллээ.

Үйл ажиллагааг нээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Эрүүл Монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн доктор хэлсэн үгэндээ:  Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн 70 хувь нь хоёр, гуравдугаар шатлал буюу эмчлэхэд  зарцуулагдаж байна. Нийгмийн эрүүл мэнд буюу урьдчилан сэргийлэх чиглэл рүү “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн гол анхаарч ажиллана. Өнөөдөр манай улсын хүн амын 3,9 хувь л эрүүл зан үйлтэй байна. Энэ үнэхээр харамсалтай дүн мэдээ. Монгол улсад 839 ЕБС-д 680,8 мянган сурагчид суралцаж байна. Үүнд 34 073 үндсэн багш ажиллаж байна. Хөтөлбөрөөр ЕБС-ийн сурагчдад зөв хооллолт, эрүүл зан үйл, идэвхтэй дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийн боловсролыг цогцоор нь өгөхөөр ажиллаж байна. Зан үйлийг өөрчилнө гэдэг хугацаа шаардах ч, хамтдаа хичээж эрүүл ирээдүйг, эрүүл иргэнийг бий болгоцгооё.

Сурагчдаа хоол, дасгал хөдөлгөөн биеийн тамираар нь дамжуулж эрүүлжүүлж, зөв дадал зуршилтай болгоё, боловсролоор нь дамжуулж эрүүл мэндийн мэдлэгийг олгоё.  Бид үр хүүхдээ өвдөхөөс нь урьтаж үзлэг шинжилгээнд хамруулдаг байя. Үүнд эцэг, эх асран хамгаалагч та бүхний хичээл зүтгэл, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй юм. Та бид үр хүүхдүүдээ эрүүл өсгөж байж, эрүүл ирээдүйг хамтдаа бүтээх юм.

 Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн эмч Ц.Жавзандулам: Хүүхдүүдийг гаднаас хараад зүрхний өвчтэй эсэхийг эцэг эх байтугай эмч бид нар ч мэдэх боломжгүй. Ковидоос хойш хүүхдүүдийн дунд элдэв эмгэн, зовиурууд ихээр илрэх болсон нь ажиглагдаж байгаа. Энэ зохион байгуулж илрүүлгээр хүүхдийнхээ эрүүл мэндийг мэдээд авчих боломжтой болж байгаад баяртай байна. “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнөөр сурагчдын эрүүл мэндийг тогтмол хянадаг болох нь үнэхээр ач холбогдол ажил гэж харж байна. Сургуулийн эмч 2000-3000 хүүхдэд хүрч үйлчилнэ гэдэг хэцүү. Энэ ажлын хүрээнд бидний ажил мөн ихээхэн хөнгөрөх нь гэж бодож байна.

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Ч.Нямлхагва: Уулзалтаар маш хэрэгтэй мэдээллүүд авлаа. Би өөрөө эрүүл мэндийн байгууллагад ажилладаг ч гэсэн энэ уулзалтаар нийтийн эрүүл мэндийн чийглэлээр ямар ажлууд хийгдэж байгаа болон иргэд бид яаж оролцох талаар мэдээлэл авлаа. Эцэг, эхчүүд бид чинь өглөө гараад л орой ирдэг. Завгүй байдлаасаа болоод үр хүүхдүүдээ дагуулж яваад урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж тэр бүр амждаггүй. Өвдчихлөө гэхээр нь л эмнэлэг авч явдаг. Сургууль дээр нь ирээд хүүхдүүдийг нэгдсэн журмаар үзлэгт хамруулж, буцаагаад эцэг, эхэд нь хүүхдийнх нь эрүүл мэндийн байдлын талаар мэдээллэж, зөвлөмж хүргүүлнэ гэдэг нь маш их таалагдлаа. Баярлалаа гэж ажлын хэсгийнхэнд хэлмээр байна.

Ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн захирал Л.Цэрэнханд: Манай сургуулийн алсын хараа бол Эрүүл Монгол иргэн төлөвшүүлэх юм. Энэ хүрээнд зургаан настай хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах болсонд баяртай байна. Энэ үзлэг нь зөвхөн нэг удаа хийгдээд өнгөрөх бус цаашид давтамжтайгаар явагдаж сурагчдын маань эрүүл мэндийг тогтмол хянаж байх нь үнэхээр зөв зүйтэй ажил хэмээн сургуулийн удирдлагын хувьд талархан хүлээн авч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй гурван тулгуурт үндэсний хөдөлгөөний нэг нь “Эрүүл Монгол хүн” юм. Тус хөдөлгөөний чухал зорилтын нэг нь бүх шатны боловсролоор дамжуулан эрүүл, зохистой хооллолт, эрүүл зан үйл, идэвхтэй дасгал хөдөлгөөн бүхий эрүүл чийрэг, саруул сэтгэхүйтэй монгол иргэдийг бий болгохоор ажиллаж байна.