МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ИВЭЭЛ ДОР “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН III ЧУУЛГАН” ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2025-05-02 16:35:00

Эдийн засгийн идэвхжил, хөдөлмөрийн зах зээл өргөжихийн хэрээр эрсдэлтэй салбарт ажиллагсдын тоо 2035 он гэхэд 35 хувиар өсөх төлөвтэй байгаа ба өнөөгийн байдлаар эрсдэл өндөр салбар дахь аж ахуйн нэгж байгууллагуудын 99 хувь нь хөдөлмөрийн нөхцөлөө үнэлүүлдэггүй байна.

Манай улсад сүүлийн таван жилд 2125 иргэн үйлдвэрлэлийн осолд өртөж, 275 иргэн амь насаа алдсан бол 355 хүн мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болж, энгийн хүмүүсээс дунджаар 8 жилээр богино насалж байгааг мэргэжилтнүүд судалгаагаар тогтоожээ.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирохоос гадна тэдний гэр бүл давхар хохирч мөн байгууллагын бүтээмж буурах цаашлаад улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Иймд салбарын хэмжээнд бодлогын дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлаа тодорхойлж, шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааг танилцуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган” төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийт гээд бүх талт оролцоог хангаж, 900 орчим төлөөлөлтэйгөөр Төрийн ордонд чууллаа.