МОНГОЛЫН ЭМЧ НАРЫН VII ИХ ХУРАЛ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-11-28 09:20:00

Хурлаар “Эрүүл мэндийн салбарын бодлого, шинэчлэл”-ийн талаар илтгэл сонсож, “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ”, “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого, нийгмийн баталгаа, сургалт, инновац” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн дүгнэлт, зөвлөмж гаргана.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их хурлыг нээж үг хэллээ. Тэр бээр цар тахлын үед амь биеэ үл хайрлан, цаг наргүй ажиллаж, олон мянган хүний амь насыг аварч, онцгой гавьяа байгуулсан эмч, эмнэлгийн салбарын нийт хамт олон, гэр бүлд нь төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Сүүлийн жилүүдэд шинэ технологи, инновац, хиймэл оюун ухаанд суурилсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ нэвтэрч, ард иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, оношилгоо хийлгэх боломж нэмэгдэн, зүрх судас, мэдрэл, гэмтэл, хавдар, хүүхдийн нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээгээр олон улсын түвшинд хүрч байгааг тэмдэглэлээ.

Цаашид энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр анхаарах зүйл байгааг ч хэллээ.

Тухайлбал:

  • Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоог улам бэхжүүлэх,
  • Олон улсын жишигт хүрсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэж, гадагшаа чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээний урсгалыг бууруулах,
  • Улс орноо чадварлаг эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнээр бүрэн хангаж, эдийн засгийн зөв хөшүүргээр орон нутаг, сумдад тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, боломж бүрдүүлэх,
  • Үр дүн, ажлын гүйцэтгэлд суурилсан санхүүжилт болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог улам боловсронгуй болгож, цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах,
  • Эмийн үнэ, чанар, аюулгүй байдалд онцгой анхаарах, олон улсын стандарт хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг импортлохын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэдэг болох, иргэдэд эмийн зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх,
  • Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн, эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлэх замаар өвчин эмгэг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйл, учир шалтгааныг таслан зогсоох зэрэг чиглэлээр улам эрчимтэй, идэвх, санаачилгатай ажиллах нь зүйтэй гэж үздэгээ илэрхийллээ.