Багийн эмч нарын анхдугаар уулзалт Төрийн ордонд зохион байгуулагдав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож буй Монголын эмч нарын VII Их хурлын салбар хуралдаан болон зохион байгуулагдаж байгаа тус зөвлөгөөнд орон нутгийн сум, багийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй нийт 650 гаруй багийн эмч оролцож, санал бодлоо солилцож байна. Уулзалтыг нээж Сайд Т.Мөнхсайхан үг хэлсэн бол УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого байнгын хорооны дарга О.Сарандаваа, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др. Соккоро Эскалантэ нар мэндчилгээ дэвшүүллээ.
Сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газар анхан шатны эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд онцгойлон анхаарч байгааг дурдлаа. Тодруулбал цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч оршин суугаа газартаа эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад чиглэсэн мобайл технологийг нэвтрүүлсэн. Алслагдсан орон нутгийн амаржих эхийг эрүүл мэндийн байгууллагын амрах байранд түр байршуулж, хяналтыг хийдэг болсон, явуулын болон алсын дуудлага, гэрийн эргэлт гэх мэт хэлбэрүүдээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх санхүүжилтийн тарифыг нэг иргэнээр тооцож, газар зүйн байршлаас нь хамааруулан индексжүүлэн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэлээ.
Мөн манай улс дэлхий нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөгжлийн чиг хандлага, орчин үеийн техник, технологийн ололтыг бүх салбарт нэвтрүүлэхэд анхаарч байгаа хэдий ч анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарт нөлөөлж байгаа тулгамдсан асуудлуудыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байсаар байгааг ч илэрхийллээ. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн 20 орчим хувийг анхан шатны тусламж, үйлчилгээнд зарцуулж байгаа нь хангалтгүй байна. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн тогтвор суурьшилтай байдал, мэдээллийн урсгалын нэгдсэн тогтолцоо, программ хангамжийн нэгдмэл байдал, ажлын ачааллыг бууруулахад чиглэсэн оновчтой тогтолцоо бүрдүүлэх хэрэгцээ байна. Ард иргэдээ өвчилсний дараа эмчлэхэд анхаарах бус, өвдөхөөс нь өмнө эрүүл мэнддээ анхаардаг, эрүүл амьдралын хэв маягтай болгож хүмүүжүүлэх эрүүл мэндийн боловсролыг өсвөр наснаас нь олгож, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөгч хүчин зүйлсийг арилгах, өвчнийг эрт илрүүлэхэд салбар дундын үйл ажиллагааны уялдааг сайжруулах нэн шаардлагатай байгааг тэмдэглээд төгсгөлд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс орхигдоод байгаа иргэдэд хэрхэн хүрч үйлчлэх асуудлыг чухалчилж буй багийн эмч нартайгаа зөвлөлдөж байгаадаа талархалтай байгаагаа илэрхийллээ.