Дорнод Аймагт "Эрүүл Монгол Хүн" Үндэсний Фестиваль Амжилттай Зохион Байгуулагдлаа

2023-07-05 22:26:10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон нийтийг эрүүл амьдралын зан үйл, идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах, нийтийн эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэхэд иргэдийн оролцоо, салбарын уялдааг хангах зорилготой “Эрүүл монгол хүн” үндэсний фестивалийг  2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Сайншанд хотод зохион байгууллаа. 
Тус арга хэмжээнд Саран хөхөө театр, 12, 9-р цэцэрлэгийн хүүхдүүд урлагийн мэндчилгээ дэвшүүлж, Өрхийн эрүүл мэндийн төвүүд эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өгч, биеийн жингийн индексийг тодорхойлох, аймгийн Эм холбооны эмийн сангууд дархлаа дэмжих эм, бүтээгдэхүүнийг сурталчлах ажлыг хийлээ.
Спортын чиглэлээр сагсан бөмбөг, гар бөмбөг, чөлөөт бөх, жудо бөх, шатар, даамны чөлөөт тоглолт, нийтийн биеийн тамирын чиглэлээр фитнес клуб, спиннингийн үзүүлбэрүүд, нийтийн цэнгээнт бүжиг, шугаман бүжиг, ажлын байрны дасгал, хийн дасгалын холбоод тус тусын үзүүлбэрүүдийг үзүүлсэн нь иргэдийн сонирхлыг татсан арга хэмжээ боллоо.  Уг арга хэмжээнд 300 гаруй хүн оролцлоо.  
  Тус үйл ажиллагаанд  оролцсон иргэдэд ЭМГ,  Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эрүүл мэндийн суурь үзүүлэлт үнэгүй үзэж, эрүүл, зөв зохистой хооллолт, хорт зуршлаас татгалзах, дасгал хөдөлгөөний ач холбогдол болох  Шугаман бүжиг, "ТҮМЭН" дасгал, амьдралын эрүүл хэв маягийг хэвшүүлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.
Иргэд, олон нийтэд эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах тус үйл ажиллагааг  Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар, Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар, Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж буй спортын холбоод, клубүүдтэй хамтран зохион байгууллаа. 
Үйл ажиллагаанд оролцсон иргэдэд нээлттэйгээр спортын олон төрлийг сурталчлан, сургагч багш нар болон мэргэжлийн тамирчид анхан шатны техникийн хичээл, сургалт, зөвлөгөө, мэдээлэл хүргэж ажилласанд ирсэн олон талархалтай хандаж байсан юм. 
Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө идэвх, санаачилгатай дэмжин оролцсон та бүхэндээ баярлалаа.