ЖИРЭМСНИЙ БҮЛГИЙН ХЯНАЛТЫН СУРГАГЧ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2025-05-16 14:38:00

Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөний Эрүүл эх нялхас бүлгийн хүрээнд жирэмсэн эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох “Жирэмсний бүлгийн хяналт” загвар төслийг ЭМЯ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2 хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Жирэмсний бүлгийн хяналтын сургагч багш нарт зориулсан сургалт ЭНЭҮТ-2-т зохион байгуулагдлаа. Тус сургалтад ЭНЭҮТ-2, ХУДЭМТ, ХУДНЭ, СХДНЭ, СХДЭМТ, ХУД-ийн өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 54 эмч, эх баригч нар хамрагдав. Жирэмсний бүлгийн хяналт нь эхчүүдэд жирэмсний хяналтын хугацаанд өөрийгөө болон хүүхдээ асрах, эрүүл бойжуулах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх цогц сургалтыг практикт тулгуурлан явуулах замаар эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах суурь сэргийлэлтийн арга юм. Хоёр өдрийн турш зохион байгуулагдах тус сургалтаар эмч, эх баригч нар жирэмсний бүлгийн хяналт болон жирэмсний эхний гурван сард зонхилон тохиолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг ур чадвар эзэмшихээс гадна жирэмсний эхний саруудад эх өөрийгөө үнэлэх системийг хэрхэн нэвтрүүлэх талаар мэдлэг мэдээлэл авч дадлага хийх юм.