23 СУРГУУЛИЙН 130 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨЛД "ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТАНИЛЦУУЛАВ

2023-02-02 00:00:00

Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 23 сургуулийн удирдлагууд болон нийгмийн ажилтан, хоол зүйч, тогооч, сэтгэл зүйч, биеийн тамирын багш нарын нийт 130 гаруй төлөөллийг оролцуулж “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний танилцуулга уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордноо 2023 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй гурван тулгуурт үндэсний хөдөлгөөний нэг нь “Эрүүл Монгол хүн” юм. Тус хөдөлгөөний чухал зорилтын нэг нь бүх шатны боловсролын байгууллагаар дамжуулан эрүүл, зохистой хооллолт, эрүүл зан үйл, идэвхтэй дасгал хөдөлгөөн бүхий эрүүл чийрэг, саруул сэтгэхүйтэй монгол иргэдийг бий болгох юм. 

Эрүүл ирээдүйг бий болгохын тулд сурах орчны эрүүл, аюулгүй байдлаас гадна, суралцагсдад шим тэжээлтэй хоол хүнсээр үйлчлэх, эрүүл спортлог, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг зан үйлд дадуулж, мэргэшсэн багш нар эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох нь чухал байгаа талаар Монгол Улсны Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан онцлон дурьдлаа. Тэрээр “Бид бодитой ажлуудыг хийхээр ажиллаж байна. Та бүхний санал үнэхээр хэрэгтэй. Тийм ч учраас өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.  Нийслэлийн хэмжээд бүх дүүргүүд дэх ЕБС-иудтай уулзалт хийж, саналуудыг нь “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөний ажилдаа тусгаж ажиллах юм. Бид Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг Япон улсын жишигт хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар нь бодлогын түвшинд ажилладаг гэдгийг та бүхэн мэднэ. Гэхдээ бид “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөний хүрээнд нарийн асуудлууд руу орж, холбогдох яамдуудтай хамтарч ажиллана. Цаашид ч та бүхний санал, сэтгэгдлийг хөтөлбөрийн сайжруулалтад тусгаж явах болно ” гэлээ.

ШУТИС-ийн багш, дэд профессор, хоол судлаач М.Пүрэвжав: Дэлхийн 190 гаруй улсаас 170-аад улсад сурагчдын үдийн хоол хөтөлбөр хэрэгждэг. Үүний гол санаа нь эрүүл иргэнийг бэлдэх гээд байгаа юм. Жишээлбэл, АНУ гэхэд одоогоос 73 жилийн өмнө сургуулийн хоолыг хуульчилж байж, бид саяхан хуульчиллаа. Би хоол судлалын чиглэлээр маш олон судалгааны ажлууд дээр ажилласан. Өнгөрсөн хугацаанд ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулиа уншсан сургуулийн захиралтай маш цөөхөн таарсан. Хуулиа уншаагүй хүмүүс яаж хэрэгжүүлэх вэ? гэдэг нь асуудал. Өөрөөр сургуулийн хоол гэдэг нь аяганд бантан, эсвэл шөлтэй хоол хийхийг хэлэхгүй. Эрүүл иргэнийг бий болгох шим тэжээлтэй, амин дэмтэй хоол, хүнс байх шаардлагатай юм. Бид үндэсний хэмжээнд хоол хүнсний шинэ системийг бий болгохоор энэхүү хөтөлбөрөөрөө зорьж байна. 

Дээр нь нэмж хэлэхэд бараг хүүхэд бүр шахуу үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна гэж би хэлнэ. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч нар харсаар байж, мэдсээр байж хүүхдэд, сурагчдад болохгүй хоол хүнс, ундаа чипс идүүлэх нь өөрөө тэднийг эрүүл мэнд өсөх боломжийг хааж, үл хайхарч байгаа хэрэг юм. Асуудал яривал дуусахгүй, манай улсын нийт хүн амын 50 хувь нь өглөөний цайгаа уудаггүй. Ийм ард түмэн эрүүл байх үндэс байхгүй.Тиймээс бид энэ асуудлыг арилгахаар системтэйгээр ажиллаж байна.

“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, доктор О.Чимэдсүрэн: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн 70 хувь нь хоёр, гуравдугаар шатлал буюу эмчлэхэд  зарцуулагдаж байна. Нийгмийн эрүүл мэнд буюу урьдчилан сэргийлэх чиглэл рүү “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн гол анхаарч ажиллана. Өнөөдөр манай улсын хүн амын 3,9 хувь л эрүүл зан үйлтэй байна. Энэ үнэхээр харамсалтай дүн мэдээ. Монгол улсад 839 ЕБС-д 680,8 мянган сурагчид суралцаж байна. Үүнд 34 073 үндсэн багш ажиллаж байна. Хөтөлбөрөөр ЕБС-ийн сурагчдад зөв хооллолт, эрүүл зан үйл, идэвхтэй дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийн боловсролыг цогцоор нь өгөхөөр ажиллаж байна. Зан үйлийг өөрчилнө гэдэг хугацаа шаардах ч, хамтдаа хичээж эрүүл ирээдүйг, эрүүл иргэнийг бий болгоцгооё. Сурагчдаа хоол, дасгал хөдөлгөөн биеийн тамираар нь дамжуулж эрүүлжүүлж, зөв дадал зуршилтай болгоё, боловсролоор нь дамжуулж эрүүл мэндийн мэдлэгийг олгоё.  

Нийслэлийн ерөнхий боловсролын 114 дүгээр сургуулийн захирал  Д.Ган-Уяа: Хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийг дэмжих сургуулийг бий болгох, мөн сургуулийн сурагч бүрийг эрүүл мэндийн дэвтэртэй болгож, тогтмол эрүүл мэндийн үзүүлэлтийг тэмдэглэж, хянаж ажиллах нь үнэхээр зөв шийдэл. Харин өнөөдөр ЕБС-иудад орж байгаа эрүүл мэндийн хичээл нь нөхөөсний хичээл болоод явж байна. Тиймээс та бүхэн энэ тал дээр анхаарч, эрүүл мэндийн багшийг бэлтгэх нь чухал байна. Хичээл, сурах бичиг, хөтөлбөрөө шинэчлэх саналтай байна. Эцэст нь ийм сайхан үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгаад баяртай байна.

 Хэлэлцүүлгийн үеэр сургуулийн удирдлагуудаас сурагчдын үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийн орчин, нөхцлийг сайжруулах, стандартын шаардлагад нийцсэн спорт заал, гал тогоо, цайны газартай болох, мэргэшсэн хоол зүйчдийг бэлтгэн сургах болон сурагчдын эрүүл мэндийн асуудлуудыг олонтой хөндөж ярилцлаа. Иргэнээ бодсон эрүүл монголыг бүтээхээр зорьж буй энэхүү үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажлилана гэдгээ орлолцогсод илэрхийллээ.

Үйл явдлын мэдээ

ЭМИЙН САН, ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО 2023-09-30 13:30:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, АУ-ны доктор Т.Мөнхсайхан...

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ БУУРЛАА 2023-09-26 21:44:00

Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байд...

ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО 2023-09-25 11:55:00

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо нь иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, ялангуяа эрүүл мэндий...

"ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА 2023-07-28 07:54:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд зохион байгуулсан “Эрүүл монгол хүн&rdq...

Бусдыг үзэх