МОНГОЛ УЛСАД АНХ УДАА АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ БУУРЛАА
Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлиг гаргасан. Уг зарлигийн хэрэгжилтийг хангах үүднээс УИХ-аар 2022 оны 07 дугаар сард “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай”, Онцгой албан татварын тухай хууль (ОАТТХ), Засгийн газрын сангийн тухай хууль зэрэг дагалдах 10 гаруй хуульд өөрчлөлт оруулснаар 2023 оны 01 дүгээр сараас дээрх хуулиуд хэрэгжиж эхлээд байна.
Он гарсаар дээрх хуулийн өөрчлөлтүүдийн хэрэгжилт, түүний үр дүн, мөн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн А танхимд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд нээлттэйгээр хэвлэлийн хурлыг зохион байгууллаа. Хуралд ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга О.Оюутболд, ЕТГ-ын “Эрүүл Монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, АУ-ны доктор, профессор О.Чимэдсүрэн нар мэдээлэл өгч оролцлоо.
Хуулиудад орсон өөрчлөлт, түүний үр дүнгийн зарим мэдээллээс хүргэвэл:
Согтууруулах ундаанд ялангуяа хатуулгаас хамааран ногдуулах онцгой албан татварын хэмжээ нэмэгдэж байхаар ОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулсан. ОАТ болон борлуулалтын орлогын эхний 6 сарын мэдээгээр татварын хэмжээ 13 тэрбум, борлуулалтын орлого 8.5 тэрбумаар өссөн байна. Мөн импортоор орж ирсэн согтууруулах ундааны ОАТ-ын хэмжээ 2021 онтой харьцуулахад 9.7 тэрбум, 2022 онтой харьцуулахад 4.3 тэрбумаар нэмэгдсэн дүн гарчээ.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан нээсэн. Тус хуулийн 213 дугаар зүйлд заасны дагуу уг сан нь архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай. Онцгой албан татварын тухай хуулийн 6.11-д заасны дагуу ногдуулан хураасан татварын орлогын гүйцэтгэлээс татвар ногдсон согтууруулах ундааны литр тутмаас 300 төгрөгийн орлогыг Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд тухай бүр төвлөрүүлэхээр тусгасан. Эхний 6 сарын байдлаар - 14,616,856.63 литр согтууруулах ундаа борлуулагдаж, уг санд 4.3 орчим тэрбум хуримтлагдаад байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээнээс харахад сүүлийн 5 жил согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрлэл тасралтгүй нэмэгдсэн байдаг. 2022 оны статистикаас харахад нэг хүнд ногдох архи, дарс 8.9 литр, шар айраг 37.1 литр болж, сүүлийн 5 жил тасралтгүй нэмэгдсээр байна. (2018 онд 37.3 литр байсан бол 2022 онд 46 литр )
Согтууруулах ундааны борлуулалтын хувьд 2022 оны эхний хагаст 16,8 сая литр, харин 2023 оны мөн үед 14,6 сая литр болж, архины худалдан авалт 2.2 сая литрээр багассан эерэг өөрчлөлт гарсан. Үүнийг өргөн хэрэглэдэг 0.5 литрээр тооцож үзвэл 4.4 сая шил архи хэрэглэхээс зайлсхийсэн, насанд хүрсэн 1 хүнд ноогдох архи 2 шил архиар багассан гэж үзэж болох юм. Мөн импортолсон согтууруулах ундааны хэмжээ 150 мянган литрээр багассан зэрэг эерэг үзүүлэлтүүд гараад байна. Эдгээр нь Монгол Улсад анх удаа архи, согтууруулах ундааны хэрэглээ буурсан үзүүлэлт юм.
СОГТУУГААР ҮЙЛДЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ХУВЬД
Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээний нийгмийн сөрөг нөлөөг харуулах үзүүлэлтүүдийг бид харьцуулж үзэхэд 2023 оны эхний 08 сард 25392 гэмт хэрэг бүртгэгдсэний 3289 буюу 13.0 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж, 46.5% нь нийслэлд, 2089 буюу 53.5% нь орон нутагт тус тус бүртгэгдсэн. Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний 3911 буюу 92.1 хувь нь эрэгтэй, 335 буюу 7.9 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байв. Гарсан өөрчлөлтийг харьцуулан зарим тоо баримтыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
- Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 15.8 хувиар
- Шалгагдсан зөрчил 13.6 хувиар
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан зөрчил 26.0 хувиар
- Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол 41.3 хувиар
- Эрүүлжүүлэгдсэн хүн 76.0 хувиар тус тус буурсан байна.
Харин Монгол улсын хэмжээнд 2023 оны эхний 6 сарын хугацаанд 7631 хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол гэмтэлд өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байгаа ба өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5.6%-иар өссөн байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол гэмтэлд өртсөн тохиолдол энэ онд өмнөх оны мөн үеэс нийслэлд 2.6%-иар өссөн байгаа бол орон нутагт 12.7%-иар өссөн байна.