ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН БАГ БҮРЭЛДЭХҮҮНД "ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТАНИЛЦУУЛАВ
“Монгол цэргийн өдөр” буюу орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойг тохиолдуулан Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний бодлого, хэрэгжилтийг танилцуулан хүрээнд хамтран ажиллах чиглэлээр санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо, Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Эрүүл Монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн захирал, доктор, профессор, Бригадийн генерал П.Жаргалан тэргүүтэй тус сургуулийн нийт баг бүрэлдэхүүн болох 1000 орчим хүн оролцлоо.
Уулзалтаар "Эрүүл Монгол хүн ба Эрчүүдийн эрүүл мэнд", "Эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал", "Согтууруулах ундаанаас үүдэлтэй нийгмийн хор уршиг, түүнийг бууруулах шинэ хандлага", "Цэргийн алба хаагчдын хүнс, шим тэжээлийн аюулгүй байдал ба зөв хооллолт" сэдвүүдээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Шинжлэх ухаан технологийн их сургууль болон Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэл хүргэж, санал солилцлоо.
Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо: Бид хүнснийхээ 70-аас илүү хувийг гадаадаас авч байна. Зарим төрлийн хүнс дээр бол энэ хувь 100 хувь хамааралтай байгаа. Хүнсний аюулгүй байдлаас хүн амын эрүүл мэнд шууд шалтгаалах энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл Монгол хүн” хэмээх гурван тулгуурт үндэсний хөдөлгөөнүүд хэрэгжиж эхлээд байна. Хоорондоо харилцан хамаарал бүхий эдгээр хөдөлгөөнүүд нь эрүүл иргэнийг, эрүүл нийгмийг, эрүүл үлдэстэнийг бий болгохоор зорьж байна. Монгол Улсын эв нэгдэл, тусгаар тогтнолынхоо төлөө зүтгэж буй та бүхэн, цэргийнхэн эрүүл мэндээрээ тэргүүлдэг гэдгээ харуулах учиртай.
ҮБХИС-ийн захирал, доктор, профессор, Бригадийн генерал, П.Жаргалан: Өнөөдрийг хүртэл нийгэмд үлгэр жишээ болж эрүүл мэнд, бие бялдар, бусад зүйлсээрээ хуулийн дагуу ажиллаж амьдарч, суралцаж байгаа баг хамт олноороо бахархаж, баг хамт олондоо баярлаж явдаг юм. Өнөөдөр бидэнд мэдээлэл өгөхөөр ирсэн та бүхэнд баярлалаа. Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө, ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө явж байгаа энэ үйлсэд тань дэмжин оролцох болно гэдгээ илэрхийлье. Сошиал суваг их хөгжсөнтэй холбоотойгоор цахим орчинд элдэв мэдээлэл явах юмаа. Кето хоол, мах идэхгүй байх сайн, сүү муу, алим орой идвэл муу гэх мэт. Тэгэхээр улс орныхоо тусгаар тогтнолыг сахин хамгаалахад чухал үүрэг, оролцоотой цэргийн ангийн хооллолтод судалгаа хийж, үнэлгээ өгвөл гэсэн саналтай байна. Мөн манай сургуулийн алба хаагчдад энэ чиглэлийн сургалтыг хамтран зохион байгуулах хүсэлтэй байна.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хоол судлалын танхимын багш, хоол судлаач, доктор М.Пүрэвжав: Цэргийн бие бүрэлдэхүүн байнгын эрчимтэй дасгал хөдөлгөөн, бэлтгэл сургуулилттай, тасралтгүй өдөр тутамдаа энгийн хүмүүстэй харьцуулахад энерги их зарцуулж, шатааж байдаг. Тиймдээ ч олон улсын судалгаануудаас харахад энэ салбарынхан энгийн хүмүүсээс илүү илчлэг өндөртэй, илүү шим тэжээлтэй, хоол хүнс хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Энэ нь маш чухал ба тухайн алба хаагч эрүүл байх эсэхтэй шууд хамааралтай зүйл юм. Цэргийн хоол хүнсний шим тэжээлийн агууламжид бид өндөр ач холбогдол өгч, анхаарах хэрэгтэй байна. Одоогийн нөхцөл байдалд 1150-2100 ккал байгаа нь олон улсын хэм хэмжээнээс бага үзүүлэлт байгаа юм. Жишээ нь, АНУ-ын цэргийн ангийн хоол хүнсний шим тэжээлйн судалгаанд цэргийн хоол нь 3100 ккал-тай байна.