АХЛАХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ

2023-03-24 12:13:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, доктор Т.Мөнхсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Эрүүл Монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн болон сэтгэл зүйч Б.Жаргалтуяа нар Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг танилцуулан, эрүүл иргэн болж төлөвших талаар нээлттэй санал солилцлоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, доктор Т.Мөнхсайхан:  “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь ирээдүйн эрүүл иргэнийг, эрүүл нийгмийг, эрүүл монгол үндэстэнг бий болгох үндсэн зорилготой. Энэ хүрээнд удахгүй элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөхөөр бэлтгэж байгаа дүү нартаа, мэргэжил сонголтоо хийх томоохон сорилтын цаг үедээ ирээд байгаа нийт сурагчдадаа зөвлөмж, мэдээлэл хүргэх, мөн санал солилцохоор та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Бид боловсролын бүх шатны байгууллагаар дамжуулан та бүхнийг эрүүл зөв иргэн байхад дэмжлэг үзүүлэн, тулгамдаж байгаа асуудлыг сургуулийн удирдлагатай хамтран бодлогын түвшинд зохицуулан ажиллахаар олон ажлуудыг эхлүүлээд байна. Жишээ нь, эрүүл чийрэг бие бялдартай, спортод дуртай, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг болохын тул сургуулийн орчинд стандарт спорт заал танхимыг бий болгох, мөн сурагчдын эрүүл мэндийн тогтмол үзлэг, оношилгоог системтэйгээр нэвтрүүлэх, сургууль бүр мэргэжлийн хоол зүйч болон стандарт галтогоотой байх зэргээр цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Харин Монгол Улсын иргэн та, сурагчид маань энэ тал дээр хувь хүнийхээ хувьд хэрхэн эрүүл, зөв иргэн байх талаар та бүхэнтэй санал солилцож, ярилцлах болно. 

          Ахлах ангийн сурагчдад Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Эрүүл Монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн “Эрүүл Монгол хүн ба Эрүүл ирээдүй”, сэтгэл зүйч Б.Жаргалтуяа “Өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд, шилжилтийн насны сэтгэл зүй”, Форвард компанийн захирал, инженер н.Батбаяр “ЭЕШ ба Test-Based learning platform сэдвээр тус тус илтгэл тавьж, сурагчдад урам зориг, итгэл найдвар өгөх сонирхолтой яриаг өрнүүллээ. 

Уулзалтын төгсгөлд анагаахын чиглэлээр мэргэжил сонгохоор төлөвлөсөн болон мэргэжил сонголтоо хийсэн сурагчидтай зөвлөх Т.Мөнхсайхан чөлөөт яриа өрнүүлж, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.

12Б ангийн сурагч Б.Наранбулаг: Та эмч мэргэжлийг яагаад сонгосон бэ?

Т.Мөнхсайхан: Би чинь 10 ангиа төгсөх дөхсөн байлаа. Тэгсэн ангийн багш хүүхдүүдээс ямар мэргэжилтэй болох уу? гэж асуухад нь би яагаад ч юм, эмч болно гэж хариулсан. Тэгээд л энэ мэргэжлээрээ суралцаж төгсөөд, энэ мэргэжилдээ үнэхээр дуртай. Үнэхээр буянтай мэргэжил дээ. Бусдад тусалж, зовлонг нь нэмгэлдэг сайхан мэргэжил.

12Б ангийн сурагч Б.Наранбулаг: ЭЕШ дөхөөд, төгсөх дөхөөд ер нь айж байна. Хичээмээр байгаа ч яаж хичээхээ мэдэхгүй, урсгалаараа яваад байгаа. Гэтэл шалгалт дөхөөд байдаг.

Сэтгэл зүйч Б.Жаргалтуяа: Айдас, түгшүүр, стресс бага зэрэг байх нь хэвийн зүйл. Үүнийгээ даван туулж, ард нь гарч чадвал илүү амжилтад хүрнэ. Зорилгоо тодорхойлж өөрийнхөө дуртай зүйлд тулгуурлан бага багаар шалгалтдаа бэлдэх хэрэгтэй.  

Сургалтын менежер М.Наранцэцэг: Төгсөх ангиас 7 сурагч анагаахын чиглэлээр мэргэжил сонголт хийсэн байгаа. Эдгээр сурагчдаа бид сургуулийнхаа хими, биологийн багш нартаа хуваарилж өгөөд ЭЕШ-нд нь бэлдүүлж байгаа юм.

Т.Мөнхсайхан: Дүү нар мэргэжил сонголтоо хийсэн үү? Ямар, ямар чиглэлээр мэргэжлээ сонгох гэж байна вэ?

Сурагчид: Нүдний эмч, шүдний эмч, мэдрэлийн эмч, нийгмийн эрүүл мэндийн чиглэл, гоо сайхны мэс засалч, сувилагч гэх мэт мэргэжлээр сонгон суралцахаар төлөвлөсөн талаар сурагчид хэлэв.

Т.Мөнхсайхан: Анагаахын чиглэлээр мэргэжил сонголт хийсэн сурагч дүү нарынхаа асуулт, ярианаас анзаарахад энэ чиглэлээр Эрүүл мэндийн салбарт ханасан мэргэжлүүдийг сонгосон байна. Миний хувьд энэ салбарт дутагдалтай байгаа мэргэжлүүдээс илүүтэй сонгон суралцвал төгсөөд ажлын байран дээр гарахад өрсөлдөөн бага, нөлөө талаараа илүү эрэлт хэрэгцээ өндөр, гадагшаа нарийсан суралцахад тэтгэлэг авах боломж нь мөн өндөр, мөн үүнээс гадна хүн амын эрүүл мэндэд өндөр ач тустай байх зэрэг олон давуу тал, боломжууд бий гэж зөвлөмөөр байна.

12Б ангийн сурагч Т.Номингэрэл: Эмч нарын биед халдах, үг хэлээр доромжлох бол наад захын асуудал гэх юм танд ийм зүйл хэр тохиолдож байсан бэ?

Т.Мөнхсайхан: Би гэмтлийн эмнэлэгт мэс заслын эмч, тэнд согтуу, хөлчүү хүмүүс их ирдэг. Цохиулж, нүдүүлэх асуудал гарнаа гарна. Үг хэл, амаар доромжлох үнэхээр наад захын асуудал шүү дээ(инээв). Одоогоор энэ асуудалд ямар нэгэн хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдээгүй байгаа хэдий ч та нарыг төгсөөд ирэх тэр цагт, энэ байдал илүү дээрдсэн, сайжирсан байна гэдэгт итгэлтэй байна. Энэ тал дээр бид ажиллаж байгаа.

12Б ангийн сурагч Т.Номингэрэл: Мэргэжлийнхээ юугаар та бахархдаг вэ?

Т.Мөнхсайхан: Өвчтөнөө эмчлээд гараад явахыг харах үнэхээр сайхан байдаг. Гэмтлийн эмнэлэгт хөлөө хугалсан хүмүүс их ирдэг. Алхаж чадахгүй ирсэн хүмүүс алхаад явахыг харах үнэхээр сайхан. Тэр хүмүүсийн талархал, баярлалаа эмчээ гэх үг, түүнээс авах мэдрэмжийг, мэдрэх үнэхээр сайхан даа. Та бүхэн эмч болж төгсөөд, хүн эмчлээд ирэхээрээ ахынхаа хэлсэн энэ үгийг ойлгоно. 

Ярилцлагын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, доктор Т.Мөнхсайхан “Эх орондоо, хүн арддаа хэрэгтэй мундаг эмч нар болоорой. Шалгалтдаа сайн бэлдэцгээгээрэй, дүү нартаа амжилт хүсье” хэмээв.