ЕВРОПИЙН ХОЛБООНЫ ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТИЙГ ТАНИЛЦУУЛАВ

2023-02-07 12:12:00

Европын Холбооноос Тогтвортой ногоон хөгжлийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээг тодорхойлох дээд түвшний зөвлөгөөнийг 2023 оны хоёрдугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

 

Тус зөвлөгөөн нь нийт 14 сая еврогийн буцалтгүй тусламжийн хүрээнд хөдөө аж ахуй, ойн аж ахуй, техник, мэргэжлийн боловсрол, сургалтын /МСҮТ/ салбарт хэрэгжих төслүүдийн бэлтгэл арга хэмжээ бөгөөд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз  уг зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Европын Холбоо Монгол Улсыг тогтвортой, ногоон хөрөнгө оруулалтыг түлхэх гол түншээ гэж үздэг. Бид ардчилалд суурилсан үнэ цэнд хөтөлсөн хөрөнгө оруулалт үр дүнгээ өгдгийг хамтдаа харуулж байна. Европ, Монгол төдийгүй дэлхий хооронд харилцан хамаарал бүхий биш харин бат бөх, тогтвортой хамтын ажиллагаа бий болгохыг хүсэх болов. Хойч үедээ бид шинэ, илүү тогтвортой, ногоон ирээдүйг үлдээх учиртай” хэмээн онцолсоны зэрэгцээ тус зөвлөгөөнөөс гарах үйл ажиллагааны цар хүрээ, үр дүнг “Түншлэл-Хариуцлагатай хэрэгжүүлэлт-Үр нөлөө” хэмээн тодорхойлж байгаагаа хэллээ.

 

 

Дээд түвшний зөвлөгөөний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх бөгөөд Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга Ч.Даваабаяр , Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан нар илтгэл тавив. Үүнээс “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний бодлого, хэрэгжилтийн  талаар

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан илтгэлийнхээ эхэнд “Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь хоорондоо ихээхэн уялдаа холбоотой болохыг онцолсон бөгөөд өнгөрсөн хугацаанд манай улсын эрүүл мэндийн салбар эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд илүүтэй анхаарч ирсэн. Иймд одоо өвчлөлийн шалтгаанийг бий болгож буй хүчин зүйлсийг арилгахад анхаарч байна. Ингэхдээ нэгдүгээрт, эрүүл орчин, нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ, хоёрдугаарт эрүүл хүнсээр ард иргэдээ хэрхэн хангах вэ, гуравдугаарт зөв дасгал хөдөлгөөн, зохистой амьдралын хэвшлийг хэрхэн нөхцөлдүүлэх вэ, дөрөвдүгээрт ард иргэдэд эрүүл мэндийн боловсролыг хэрхэн үе шаттайгаар олгох вэ гэдэг дээр фокуслаж буй. Манай улсын иргэдийн дундах өвчлөлийн үзүүлэлтийг харахад жилээс жилд өсөх хандлагатай байна. Нийт иргэдийн 3.9 хувь нь эрүүл аж төрөх нөхцөлд амьдарч байна гэсэн судалгаа гарсан байдаг. Тиймээс “Эрүүл монгол хүн” хөдөлгөөний хүрээнд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх явдлыг бууруулах хүрээнд Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт чиглэл өгөх тухай захирамж гаргасан. Тодорхой хуульд өөрчлөлт орж нийгэм, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийлээ. Цаашдаа бид эрүүл орчныг бүрдүүлэх, хөрсийг эрүүлжих, цэвэр усаар хүн амаа хангах, чихэрлэг хүнс, тэр дундаа чихэрлэг ундаанаас татгалзахад анхаарах хэрэгтэй. Түүнчлэн дасгал хөдөлгөөн, эрүүл дадал хэвшлийг төлөвшүүлэх замаар эрүүл чийрэг нэг үеийг төрүүлэх хэрэгтэй байна. Мөн эрүүл мэндийн боловсрол олгох тогтолцоог бий болгосноор хойч үе маань эрүүл үндэстэн болох нөхцөл бүрдэнэ” гэв.

 

Уулзалтын үеэр Элчин сайд Аксель Никэйзээс тогтвортой ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд манай талаас ямар ажлуудыг хангаж ажиллахыг хүсэж байгааг тодруулахад “Монгол Улсын Засгийн газрын дунд болон урт хугацааны бодлого зорилтыг бид дэмжиж ажиллах болно. Монгол Улс олон улсын тавцанд аль болох нүүрснээс татгалзах, хүлэмжийн хийг бууруулах амлалт авсан. Гэхдээ Монгол Улс нэг өдөр л нараар, сэргээгдэх эрчим хүчээр, салхиар, усаар эрчим хүчээ хангадаг болно гэж байхгүй. Энэ бол шилжилтийн явц. Энэхүү шилжилтийн явцыг бид дэмжих болно. Ногоон тогтвортой хөгжлийн бодлого зорилтыг дэмжиж ажиллахад бэлэн” гэлээ.