ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ДАГНАН АЖИЛЛАДАГ СЭТГҮҮЛЧИДТЭЙ  САНАЛ СОЛИЛЦОВ

2023-02-10 13:04:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, доктор О.Чимэдсүрэн нар Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооны урилгаар 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр 30 гаруй редакцийн сэтгүүлчидтэй уулзалт хийж, ярилцлаа. 

          “Эрүүл Монголын төлөө” сэдэвт дээрх уулзалтаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, доктор О.Чимэдсүрэн нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үйл явц, хүрэх үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, бодлого, чиглэлээ танилцуулав.

 

Эрүүл мэндийн чиглэлээр дагнан ажилладаг сэтгүүлчид нэгдэж,  сэтгүүл зүйн мэргэжлийн анхны холбоо болох Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоог байгуулаад нэг жил гаруй хугацаанд 27 үйл ажиллагаа зохион байгуулж, үүнээс 15 арга хэмжээ нь сэтгүүлчдийн мэргэжлийн өсөлт, хөгжлийг дэмжих уулзалт, сургалтууд талаар тус холбооны ТУЗ-ийн гишүүн, “Өнөөдөр” сонины тоймч О.Бат-Ундрах уулзалтын үеэр танилцууллаа. Уулзалт нээлттэй, чөлөөтэй явагдаж, сэтгүүлчид сонирхсон асуултаа асуув. Үүнээс онцлох нь: 

Эрүүл мэндийн сэтгүүлч Б.Гандолгор  “Хүнсний дэлгүүрүүдэд архи, согтууруулах ундаанууд ил тод арагдаж байна. Зарим хөгжингүй улс орнуудад хүнсний дэлгүүрт архи, согтууруулах ундаа зардаггүй байх жишээтэй. Та бүгдийн хэрэгжүүлж буй   “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөний хүрээнд согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь зөв алхам болсон хэдий ч хууль таниулах ажил хангалтгүй байгаа санагддаг. Энэ тал дээр та бүхэн анхаарч ажиллахыг хүсч байна” гэсэн бол ETV телевизийн программын албаны дарга Э.Эрдэнэжаргал “Гадны улс орнууд нийгмийн эрүүл мэндийн салбартаа төсвийнхөө 30 хүртлэх хувийг зарцуулдаг. Гэтэл манай улсад 3 хувь байх жишээтэй. Үүнийг нэмэгдүүлж байж бид улс, үндэстнээрээ урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллах боломжтой гэж харж байна” гэв.

Тус холбооны дэргэдэх Эрүүл мэндийн сэтгүүлчдийн Вакцин клубт энэ оны байдлаар 37 сэтгүүлч бүртгэлтэйгээр үйл ажиллагаануудад идэвхтэй оролцдог ба цаашид мэргэжлийн хувьд мэргэшин чадавхжих шаардлагатай байгаа талаар “Цагаан үзэг” холбооны тэргүүн Д.Ариунцэцэг яриандаа дурдаад “Иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, боловсролын түвшинг тандах судалгаа”-г 2022 онд хийснээ товч танилцууллаа.

 

 Уулзалтын үр дүнд эрүүл мэндийн сэтгүүлчидтэй хамтран ажиллах замаар хүн амын эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, цаашлаад аливаа өвчин, эндэгдлийг бууруулахад чиглэлд “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө” уриатай тус холбоотой Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан хамтарч ажиллахаа илэрхийллээ.

           Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж буй тус үндэсний хөдөлгөөн нь эрүүл орчин - эрүүл хүнс - эрүүл хүн гэсэн харилцан уялдаатай байгаль, экологийн загварт тулгуурласан хөтөлбөр юм. Тодруулбал, энэ загвар нь эрүүл, аюулгүй орчныг бий болгох, эрүүл, шимт хүнсний хэрэглээг дэмжих, судалгаанд тулгуурласан нийтийн эрүүл мэндийг дэмжсэн цогц арга хэмжээ юм байна. Энгийнээр хэлбэл, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн нь хүн амын өвчин, эндэгдэлтэй тэмцэх бус, түүнийг үүсгэгч анхдагч хүчин зүйлсийг нь арилгах замаар иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэснээрээ онцлог гэнэ.

 

ХҮН АМЫН ЕРДӨӨ 3.9 ХУВЬ НЬ Л ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСЭЭС АНГИД, ЭРҮҮЛ АМЬДАРЧ БАЙНА

Өнгөрсөн хугацаанд хүн амын зохисгүй хоололт, архи, тамхины хортой хэрэглээ, хөдөлгөөний хомстол, түүнээс үүдсэн илүүдэл жин, таргалалт, артерийн даралт ихсэлт зэрэг нь эрүүл мэндийн салбарт үлэмж дарамт учруулсаар ирсэн. Учир нь эдгээр шалтгааны улмаас үүссэн өвчнийг оношилж, эмчлэхэд салбарын санхүүжилтын дийлэнх хувийг зарцуулдаг байна. Судалгаанаас харахад, хүн амын ердөө 3.9 хувь нь л сая дурдсан эрсдэлт хүчин зүйлсээс ангид, эрүүл амьдарч буй гэнэ. Тиймээс хүн амыг соён гэгээрүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл орчин бүрдүүлэх, аюулгүй хүнсээр хангах буюу өвчилснийх нь дараа биш, урьтаж сэргийлдэг тогтолцоо бүрдүүлэх нь “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний гол зорилго юм. 

Тус хөдөлгөөнийг эрүүл орчин, зөв зохистой хооллолт, эрүүл зан үйл, эрүүл мэндийн боловсрол, идэвхтэй хөдөлгөөн нийтийн биеийн тамир гэсэн дөрвөн үндсэн бүрэлдэхүүний хүрээнд хэрэгжүүлнэ. Тухайлбал, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд нэн тэргүүнд согтууруулах ундааны хэрэглээг бууруулах. Ингэхдээ жишээ нь, хатуулаг өндөртэй архины градусыг нь хасаж, албан татварыг нь нэмэх байдлаар тэмцэнэ. Учир нь манай улс согтууруулах ундааны шалтгаант эмгэгийн тархалт, үүний улмаас цаг бусаар нас барж буй хүний тоогоороо дэлхийд тэргүүлж байна. Насанд хүрсэн нэг хүнд ногдох хатуулаг өндөртэй архины хэмжээ ч тасралтгүй өссөөр. Зөвхөн архи, тамхины шууд ба шууд бус нөлөөллийн улмаас жилд дунджаар 7000-8000 иргэн амиа алдаж буй гэсэн харамсалтай судалгаа гарчээ. 

 

АРХИНЫ БОРЛУУЛАЛТЫН ТОДОРХОЙ ХУВИЙГ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ЗАРЦУУЛНА

Дэлхийн улс орнуудын сайн туршлагаас харахад, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлахад хамгийн түрүүнд татварын зохистой бодлого, үнийн өөрчлөлт, тодорхой сигментэд чиглэсэн бодит өөрчлөлт үр дүнгээ өгдөг байна. Үүнийг үндэслэн, онцгой албан татварын тооцоолол, эрүүл мэнд, эдийн засгийн үр нөлөөг олон хувилбараар тооцож, түүнд тулгуурлан 2022 оны дөрөвдүгээр сарын 05-нд Ерөнхийлөгч 43 тоот зарлиг гаргасан. Уг зарлигийн хэрэгжилтийн хүрээнд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчилсэн. Бусад дагалдах хуулиудад ч томоохон өөрчлөлт хийсний үндсэнд 2023 оноос согтрууруулах ундааны градусаас хамааран архины онцгой албан татвар хоёр дахин нэмэгдэж, литр тутмын борлуулалтаас тодорхой хувийг эрүүл мэндийн боловсрол олгох, нийгмийн эрүүл мэндийн тусламжид зарцуулахаар болоод байна. Энэ мэтчилэн “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг нийтийн эрүүл мэндийн судалгаанд тулгуурлан хэрэгжүүлж буйгаараа бусад төсөл, хөтөлбөрөөс ялгаатай гэдгийг Т.Мөнхсайхан зөвлөх уулзалтын үеэр хэллээ. 

Үйл явдлын мэдээ

ЭМИЙН САН, ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО 2023-09-30 13:30:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, АУ-ны доктор Т.Мөнхсайхан...

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ БУУРЛАА 2023-09-26 21:44:00

Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байд...

ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО 2023-09-25 11:55:00

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо нь иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, ялангуяа эрүүл мэндий...

"ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА 2023-07-28 07:54:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд зохион байгуулсан “Эрүүл монгол хүн&rdq...

Бусдыг үзэх