“СЭТГЭЛЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХНЫ ТУСЛАМЖ” (MENTAL HEALTH FIRST AID) ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн нь иргэн бүрийг эрүүл амьдралын хэв маягт уриалах, бие, сэтгэл төдийгүй нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, Монгол хүний хөгжлийн суурийг бэхжүүлэх зорилготой юм.
Тус зорилгынхоо хүрээнд тус хөдөлгөөн нь “Сэтгэлзүйн Эрүүл Мэндийн Анхны тусламж (Mental Health First Aid)” олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Тогтвортой Санхүүжилт” НҮТББ-тай хамтран ажиллах юм.
Монгол Улсын нийт хүн ам, байгууллагын сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, олон нийтийн ойлголт, мэдлэгийг сайжруулан эерэг соёлыг түгээж сэтгэл зүйн эрүүл мэндийн дархлаатай Эрүүл Монгол хүнийг төлөвшүүлэх эрхэм зорилгын хүрээнд “Сэтгэлзүйн Эрүүл Мэндийн Анхны тусламж (Mental Health First Aid)” олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр талууд санамж бичигт гарын үсэг зурлаа.
Талуудын хамтын ажиллагааны хүрээнд иргэд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад зориулсан Сэтгэлзүйн эрүүл мэндийн анхны тусламж сургалтын стандарт хөтөлбөрийг бэлэн болгох, сургагч багш нарын тогтолцоог бий болгох, чадавхыг бэхжүүлэх замаар хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогоор дэмжих, сэтгэлзүйн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг олон нийтэд түгээх, нийгмийн сэтгэлзүйн нөлөөллийн аяныг хамтран хэрэгжүүлэх, сэтгэлзүйн эрүүл мэндийн анхны тусламжийн чиглэлээр үндэсний бодлого боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллах юм.











