"Хөөрхөн шүд" аян Завхан аймагт хэрэгжив

2025-08-26 17:45:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан  “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний дөрвөн үндсэн бүрэлдэхүүний нэг болох “Эрүүл ирээдүй” бүлгийн хүрээнд Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг Завхан аймагт ажиллав.

 “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн болон National Dental Health and Education Foundation сан хамтран ажиллаж “Хөөрхөн шүд” арга хэмжээг зохион байгуулж алслагдсан орон нутгийн хүүхэд багачуудад хүрч ажилладаг билээ. Энэ удаад Улаанбаатар хотоос 1,100км, Завхан аймгийн төвөөс 370 кмт байрлах алслагдсан сумдын нэг болох Баянтэс суманд мэргэжлийн эмч нараас бүрдсэн баг 8 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд ажиллаа.

Чих хамар хоолой, нүд, хүүхдийн сэтгэцийн эмч, дотрын эмч, охидын эмч, эхо, шүдний зэрэг 35 мэргэжлийн эмч нараас бүрдсэн баг ажиллаж Завхан аймгийн Баянтэс, Тэс, Баянхайрхан, Асгат зэрэг сумдын 511 хүүхдэд оношилгоо, эмчилгээ хийж зөвлөгөө өгч ажиллав. Мөн эх орны халдашгүй дархан байдлын төлөө хилийн хязгаарт манаанд зогсдог хилчин дайчдын 60 гаруй хүүхэд дээрх үйлчилгээнд хамрагдсан юм.

Тус өдрүүдэд Ерөнхийлөгчийн эрүүл мэнд,нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, СЭМҮТ-н хүүхдийн сэтгэцийн эмч H.Цэндсүрэн , ЭХЭМҮТ-н эх барих эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Ж.Баянбаатар нар эцэг эх, багш, эмнэлгийн ажилчдад эрүүл мэндийн боловсрол олгох сургалт орсон юм.