“ИТГЭЛ НАЙДВАР БОЛОМЖ УЛААНБААТАР МАРАФОН- 2025” БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

“Итгэл найдвар, Боломж – Улаанбаатар Марафон” бүх нийтийн гүйлтийг “Ахиллис Монгол” ОУБ-аас 11 дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, БТСУХ, Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран 2025 оны 9-р сарын 20-ны Бямба гарагт зохион байгуулагдав. Энэхүү арга хэмжээ нь 2015 оноос хойш жил бүрийн 9-р сарын гурав дахь Бямба гарагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд гүйлт сонирхогч олон нийт, залуус, аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүмүүс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжин оролцдог уламжлал тогтоод байна. “Итгэл найдвар, Боломж - Улаанбаатар Марафон” нь бүх түвшний гүйгч, алхагч, тэргэнцэртэй оролцогчдыг оролцуулдаг бөгөөд нийгмийн хамтын оролцоог бий болгоход онцгой хувь нэмэр оруулдаг юм.











